Халал аргаар мал төхөөрөх үйлдвэрийн нээлт амжилттай болж өндөрлөлөө.

“ Траст групп “ХХК-ын Олон улсын стандартыг нэвтрүүлсэн “ Мал төхөөрөх “ үйлдвэрийн нээлт 2023.06.16 ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү үйлдвэр нь өдөрт 500 бод, 1000 бог мал төхөөрөх хүчин чадалтай ба 5000 тонн мах, махан бүтээгдэхүүн хадгалах хөргүүрийн зоорьтойгоос гадна олон улсын “Халал” стандартыг нэвтрүүлж БНТУ, БНСУ,БНХАУ-ын бүрэн автомат тоног төхөөрөмжүүдийг ашигдалаг билээ.
Мөн дэргэдээ мал эмнэлгийн албатай үйл ажиллагаагаа явуулдаг.

Халал стандарт нь олон улсын хүнсний аюулгүй байдлын стандарт бөгөөд Исламын шашинд зөвшөөрөгдөх мал амьтны цусыг юүлэх байдлаар төхөөрөх, заавар шаардлагуудыг багтаадаг. Мөн 41 улс уг стандартыг мөрддөг байна.
Үйлдвэрийн үйл ажиллагаанаас танилцуулбал:
1.Малчдын хотноос эрүүл малыг сонгон татан авна
2.Халал аргаар мал төхөөрөх үйлдвэрт малыг нэвтрүүлнэ
3.Малын гулуузыг мах ангилах үйлдвэрт ангилан бэлтгэнэ
4.Мах боловсруулах үйлдвэрт эрүүл хүнсийг үйлдвэрлэнэ
5.Хэрэглэгчдийн гарт хүрдэг байна.
Эл мал төхөөрөх үйлдвэр ашиглалт орсноор шинэ 250 ажлын байрыг бий болгожээ.

ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ БЭЛТГЭСЭН МАЛЫН МАХ САЙН ЧАНАРЫНХ БАЙДАГ.
Хүнсний инженер О.Гал-Очир “Манай улсад уг мал төхөөрөх үйлдвэр маш шаардлагатай байлаа. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүд өөрийн төхөөрөх үйлдвэртэй болсон нь чухал асуудал. Учир нь монголчууд уламжлалт аргаар баталгаагүй орчинд махаа бэлтгэж ирсэн. Энэ нь махны эрүүл байдлыг хянах, тухайн малыг стресстсэн эсэхийг мэдэх боломжгүй юм.
Мал төхөөрөх үйлдвэр нь туувраар ирсэн малыг хэд хоног амраах, хэрхэн тэжээсэн, эрүүл мал уу гэдгийг шинжилнэ гэсэн үг. Малыг стресстүүлсэн хойно төхөөрвөл махны чанарт сөрөг нөлөө үзүүлнэ. Тиймээс зориулалтын дагуу бэлтгэсэн малын мах сайн чанарынх байдаг.
Бойн мах бэлтгэх газар сэврээлт, загсалтыг дутуу хийснээр мах улайх, улцайх, хатуурах зэрэг чанарын өөрчлөлт гардаг. Эдгээр асуудлыг шийдэх гарц бол төхөөрөх үйлдвэр юм. Бид гаднаас нь хараад буглаатай, антибиотиктой махыг ялгаж чадахгүй. Энэ эрсдэлийг үүсгэхгүйн тулд малаа төхөөрөхөөс өмнө шинжилбэл дотоодын махны асуудлыг шийдэх шийдэл юм” гэв.

“Траст групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сансармаа “Махан бүтээгдэхүүний аюулгүй байдалд монголчууд маш их анхаарал хандуулдаг болсон. Тиймээс манай мал төхөөрөх үйлдвэр нь “Халал” стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна. Халал нь олон улсын стандартуудын шаардлагыг өндөрсгөж, шат ахиулсан нь махан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг дээд зэргээр ханган ажиллахад түлхэц болно.
Эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдалд угтвар буюу ажилчид, байр, тоног төхөөрөмж зэрэг олон шаардлагыг хангах хэрэгтэй. Манай үйлдвэр энэ бүх шаардлагыг хангасан. Монгол Улсын махны салбарын хууль эрх зүй арван жил гаруй дутагдалтай байсан нь дотоодод махны чанар, эрүүл ахуйн асуудал олноор гарсаар байна. Дэлхийн мал, амьтны байгууллагад манай улс гишүүнчлэлтэй ч эрсдэлтэй буюу улаан бүсэд харьяалагдсаар ирсэн. Энэ нь махны экспортыг хаасантай ялгаагүй. Тиймээс төр, махны салбарууд хамтарч ажиллах ёстой.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050”-д уул уурхайн бус экспортыг нэмэх, эдийн засгаа солонгоруулах зорилтууд тусгагдсан байдаг. Энэ хүрээнд махны техникийн зохицуулалт бодлогын бичгийн хэрэгжилтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх зэргийг ханган ажиллаж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *